Зогсоо хайрхан, Гилбэн, Толбин уулсдаа хийморь сүлдээ өргөж, хангайн цээжнээс ундаргатай хатан тунгалаг Завхан гол, Айраг, Хяргас нуураасаа ундаалж өссөн Завханчууддаа эрин зууны мэдээлэл технологийн гайхамшигт ололтыг дагуулсан цахим өртөө, вэб хуудсаар дамжуулан улс эх орон тив дэлхий даяар харилцах таатай орчин бүрдсэн энэ мөчид сумын Засаг дарга миний бие нутгийн ажилч хичээнгүй түмэн олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Бид энэхүү вэб хуудсаараа суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалт, төрийн үйлчилгээний ил тод байдал, хувийн хэвшлийн үйл ажиллагааг хүргэхийн зэрэгцээ төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө цаг ямагт сэтгэл зүрхээрээ хамт явдаг та бүхний санаа санаачлагыг хүлээн авч сум орон нутгийнхаа хөгжлийн бодлого чиглэлд тусган хэрэгжүүлж ажиллах болно.
Говь тэмээд нь зүсээрээ ижилдэн
Гоёо, суль, сулхир нь сугсран найгсан
Мэргэд цэцдийн ариун удамтай
Мөнх жаргалангийн сүм
Завхан сумаараа овоглосон та бүхэндээ сумын түүхт 90 жилийн ойн мэндийг хүргэж та бүхний санаж зорьсон бүхэн сэтгэлчлэн бүтэж, аз хийморь дээшээ байж, орон нутаг маань цэцэглэн хөгжиж үеийн үед мандан бадрахын өлзий дэмбэрэлтэй ерөөл өргөе.
Завхан нутгаараа овоглосон эрхэм та бүгдийг 2015 оны 07 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд болох 90 жилийн ойн баяр наадамд хүрэлцэн ирж, нутаг ус, ахан дүүсээ аргадан баярлуулж цэнгэн наадахыг урья.
ЗАВХАН СУМЫН ЗАСАГ ДАРГА Ц.ЛХАГВАЖАВ